Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

Онцлох 30 ишлэл: УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа илүү нухацтай хандаасай гэж үздэг

УИХ-ын гишүүн Н.Учрал сүүлийн үед чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж буй чухал хуулиудаар хатуухан байр, сууриа илэрхийллээ. Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Арбитрын тухай хууль зэргийн гол амин сүнс, зорилго зорилт, хэрэгжүүлэлтийн асуудлаар тэрбээр хэрхэн ярьсаныг ОНЦЛОХ 30 ИШЛЭЛ онцолж байна.

  1. Олон улсын гэрээний тухай хуулийг батлахдаа ндсэн хуульд харшилсан зохицуулалтуудыг баталсан байгааг өөрчлөлт, оруулаад засаад явах шаардлагатай байна.
  2. Улсын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна.
  3. УИХ-ын гадаад бодлогын үнд­сийг тодорхойлсон асуудлыг Засгийн газар дахин авч хэлэлцэх нь төрийн эрх мэдэл хуваа­рилалтын зарчим, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэл­тэй.
  4. Сая өргөн барьсан Олон улсын гэрээний тухай хуулийн 21.4-т “Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 25.1.2 дахь заалттай харшилж байгаа хэрэг.
  5.  Парламент нь олон улсын гэрээг соёрхон баталдаг, тайлбарладаг, гадаад бодлогын үндсийг тодорхойлдог байх нь парламентын засаглалтай улсад байдаг жишиг.
  6. Парламентынхаа эрхийг Засгийн газар нь эдэлчихээр хоёр улсын хооронд, олон улсын хоёр болон олон талт гэрээг Засгийн газрын хуралдаанд хэлэлцээд явах нь өөрөө хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой. 
  7. Олон улсын гэрээг хоёр арга замаар хэрэгжүүлдэг.  Нэгдүгээрт, олон улсын гэрээнд нэгдэж орсноор түүнийг шууд хэрэгжүүлэх буюу манай улсын Үндсэн хуулийн 10.3-т заасны дагуу дотоод хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэгдэх, хоёрдугаарт, нэгдэн орсон олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомждоо тусган замаар хэрэгжүүлдэг.
  8. Манай улс олон улсын гэрээг хууль, шүүхийн практикт хэрэглэж заншаагүй байна.
  9. Олон улсын гэрээний тухай венийн конвенцид олон улсын гэрээг зөрчиж буй аливаа үйлдлээ дотоод хууль тогтоомжоор зөвтгөж үл болно, олон улсын гэрээнд үнэнч байх тухай зарчмыг тусгаж өгдөг.
  10.  Олон улсын гэрээний оролцогчид тухайн гэрээнд орсон нэр томъёо тусгай утга санаа илэрхийлж байна гэж үзвэл уг гэрээнд заасны дагуу тайлбар хийж болдог.  Гэвч тэдгээр тайлбарлах эрх нь шүүхэд хадгалагдах нь өөрөө зохимж­гүй.
  11. УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа илүү нухацтай хандаасай гэж үздэг.
  12. Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд хүний нөөцийн менежмент хөгжөөгүй, менежментийн тогтолцоо бий болоогүй үед баталсан шилжилтийн үеийн хууль. Хөдөлмөрийн хуульд концепцийн томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай.
  13. Манай улс Канад, Австрали мэтийн улстай адил хөдөлмөрийн хуулиар ростер менежментийг зохи­цуулах зайлшгүй шаардлага байгаа гэсэн үг.
  14. Хүний нөөцийн менежмент сүүлийн жилүүдэд өндөр хөгжиж ажилт­ны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, компа­нийн гүйцэтгэлийг үнэлэх хөгжүү­лэх гээд функциудыг бүхлээр хэрэгжүүлж байна.
  15. Гүйцэтгэл муутай ажилтныг ажлаас чөлөөлөх гэтэл өнөөгийн хуулиар аттестатчиллын шалгалт авах, нэг бол зөрчил гаргахыг нь хүлээх шаардлагатай болоод байна. Энэ нь Монгол Улсын хүний хөгжлийн өрсөл­дөх чадварыг бууруулж байгаа хэрэг.
  16. KPI, Balancescore card гэх мэт ажлын гүйцэтгэлийг илүү бодитой ажлын үр дүн, гарцтай холбоотойгоор объектив байдлаар үнэлж байхад түүнийг зохицуулж бай­гаа хуулиар ажлаас чөлөөлөх үндэслэл­гүй болохоор компаниудын хүний нөө­цийн чадавхи, competency буурч байна.
  17. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаан татахдаа дахин ажлын хэсэг байгуулж Засгийн газар, холбогдох яамд төсөл боловсруулаад явж байна. Тэгэхээр нэгмөсөн ярилцах нь илүү оновчтой.
  18. Өргөн барьсан нэмэлт, өөрчлөлт нь өнөөдрийн зохицуулалтаар зохицуулсан, өөрчлөх, шинэчлэх шаардлагатай асуудал биш гэж үзсэн учраас дэмжээгүй.
  19. Нэгд, Хөдөлмөрийн гэрээний хугацааг багасгах, хоёрт, цагийн ажилтан гэх ойлголтыг бий болгох, гуравт, хариуцлагын хэлбэрийг чангатгах. Энэ гурван санал нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төдийлөн тулгамдаад, өөрчлөх шаард­лага бий болоогүй байна. 
  20. Өнөөдөр ажилтан нийгмийн даатгал төлөгдөхгүй, цалин хөлсөө авч чадахгүй байна гээд Д.Дамба-Очир гишүүн хэлээд байна лээ. Ажилтан шүүхэд хандвал Хөдөлмөрийн тухай хуулийн 141-д зааснаар хоногийн 0,3 хувийн алданги бодуулаад, ажлаас халсан гээд хөөгөөд явуулбал ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулж байгаа.
  21. Тэгэхээр судалгаагүй, тодорхой баримтгүйгээр яаран төсөл өргөн барьсан гэж үзэхээр байгаа юм.
  22. Цагийн ажилтан гэх ойлголтоо компанийн орон тоо бүтцэд хамаарахгүй, тухай бүр цалин хөлсөө авч ажиллаж байгаа ажилтан гэж үзсэн байна. Тэгэхээр иргэний хуулиар зохицуулж байгаа харилцаа­гаар хөлсөөр ажиллах гэрээний зохицуу­лалтыг яриад байгаа юм. Хөл­сөөр ажиллах гэрээнээс хэрхэн ялгах талаар бодолцоогүй, тэдгээрийг зохи­цуулс­наар Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд цагийн ажилт­ны хөдөлмөрийн гэрээг хэрхэн цуцлах вэ, 37, 38, 39, 40 дүгээр зүйлээ үндэс­лэвэл цагийн ажилтан гээд байгаа зохицуулалт өөр хэрэгжихгүй, хийсвэр зохицуулалт болно. Тиймээс л дэмжээгүй. 
  23. О.Баасанхүү гишүүн уг нь өмгөөлөгч хийж байсан хүн арбитр, шүүхийн ялгаагаа мэдэж л байх ёстой юм. Арбитр бол хөндлөнгийн шүүх. Шүүхийг бодвол талууд өөрийн арбитрчаа сонгоод, сонгогдсон арбитр­чид даргалагч арбитрчаа сонгоод явдаг онцлогтой.
  24. Хурдан шуурхай хэрэг маргаан шийдвэрлэдэг, зөвхөн иргэний эрх зүйн харилцаанд гэрээний эрх зүйн маргааныг шийддэг, тодорхой мэргэшсэн арбитрууд байдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад орвол манай улсын хууль тогтоомжийг шууд хэрэглэгдэх нөх­цөл бүрдэх гэх мэт онцлогтой
  25. . Би О.Баасанхүү гишүүнийг энэ бүхнийг мэдэхгүй байна гэж бодохгүй байна. Зориуд чуулганы хуралдаанд иргэдэд таалагдах гэдэг, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандахгүй байна гэж харж байна. 
  26. Одоо мөрдөгдөж байгаа хуулийг баримтлаад хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байх явцад хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Тэгэхээр арбитр өөрийн үндсэн онцлог, мөн чанараараа бий болж чадахгүй байгаа хэрэг юм.
  27. НҮБ-ын Олон улсын худалдаа, эрхзүйн комиссын олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуульд 2007 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин манай улсын хувьд 2007 оны нэмэлт өөрчлөлтийг дагаад хуулиндаа өөрчлөлт оруулаагүй. Иймээс энэ хуулийн шинэчлэл зайлш­гүй шаардлагатай байгаа юм.
  28. Арбитрын хуулийг НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа хэрэг, нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжийг бусад улс орны арбитр хэрэглэх, эх сурвалж болох гэх мэт олон ач холбогдолтой.
  29.  Гадаадын хөрөнгө оруулагчид Лондоны, Хонконгийн арбитрт өгөөд бизнес эрхлэгч нар маань гадаадын арбитраар шийдвэрлүүлэхийн тулд үнэтэй өмгөөлөгч хөлслөх гэх мэт.
  30.  Ер нь бол бизнес эрхлэгчдийг төр дэмжих ёстой.Дэмжинэ гэдэг эрх зүйн орчныг бий болгохыг хэлэхээс биш татварыг нь хөнгөлөөд төдийлөн үр дүнгүй. Маргаан гарвал маргааныг түргэн шуурхай шийддэг систем бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон талын дэмжлэг байгаа шүү дээ.